Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.05.25/ ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хугацаат цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол “хэвийн үзэгдэл” мэт болсон гэж шүүмжиллээ. Түүний хэлснээр, сүүлийн 10 жилийн хугацаанд 144 хугацаат цэргийн алба хаагч эрүүл мэндээрээ ноцтой хохирч, 46 цэргийн алба хаагч амь насаа алдсан байна. Гэвч энэ асуудалтай холбоотойгоор улс төрийн болон салбарын түвшинд хэн ч хариуцлага хүлээгээгүй гэж үзэж буйгаа илэрхийллээ. Иймээс Батлан хамгаалахын сайдыг улс төрийн хариуцлага хүлээж, огцрох ёстой гэсэн байр суурийг АН-ын бүлэг илэрхийлсэн байна. Мөн цэргийн алба хаагчдын эрх, эрх чөлөөтэй холбоотой бодлогын асуудлыг хөндөн тавьж, Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.