УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Урьдчилсан байдлаар харахад НӨАТ-тэй холбоотой зохицуулалтуудыг бүхэлд нь татсан нь төсвийн орлогод эрсдэл учруулсан байж болзошгүй гэж бодоод татсан байна. Би үүнтэй санал нийлж байгаа. Гэхдээ төсвийн орлогод нөлөөлөхгүй байхаар НӨАТ-ын зохицуулалт байгаа. Тухайлбал, олон ААН-үүдийг хамруулсан судалгаагаар ААН-үүдээс ирүүлсэн хүсэлтийн бараг 90 хувь нь бүгдээрээ НӨАТ төлөгч болъё гэсэн байсан. Мөн хил дээр борлуулалтаас нь үл хамааран оруулж ирж байгаа бараанаас шууд НӨАТ авч байгаа нь маш их хүндрэл учруулж байна. Энийг борлуулалттай нь холбох хүсэлтүүд маш их ирж байсан. Үүнийг зохицуулах зохицуулалт байсан. Хоёр сарын хугацаа өгөөд, хугацаандаа төлвөл урамшуулдаг байх зохицуулалтуудыг хийсэн байсан нь буцаад татагдчихсан нь харамсалтай" гэлээ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсан нь түүхэнд тэмдэглэх үйл явдал болж байна. Үе үеийн Сангийн сайд нар үүнийг маш үр ашигтай хууль батлагдлаа гэж бодоод сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. сүүлийн жилүүдэд өндөр үр ашигтай том том төслүүд ороод ирэхээр замын түгжрэл шиг гацаа үүсээд, өөрөө өөрийгөө гацаасан систем бий болчихсон. Энэ хууль батлагдсан нь Ерөнхий сайдын манлайлал дор энэ гацаа чөлөөлөгдсөн сайн үйл явдал боллоо гэж харж байна" хэмээн ярилаа.
ВИДЕО: