Энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь илэрсэн.
Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хоёр хүний нэг нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан Б.Баттүшиг, нөгөө нь түүний жолооч С.Эрдэнэбаяр нар байсан билээ. Б.Баттүшигийн хувьд УДШ-ийн шүүгч Бат-Эрдэнийн хүү бөгөөд Истанбул дахь консулын газарт томилогдоод жил гаруй болж буй. Одоогийн байдлаар тэднийг ХБНГУ-ын Дрезден хотын хорих ангид саатуулан шалгаж байгаа юм.
Харин өнгөрөгч Лхагва гарагт буюу зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор тус хоёр дипломатын хар тамхитай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр тэрбээр, “Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар нийт долоон удаагийн үйлдлээр 521 кг хар тамхи зөөвөрлөн ХБНГУ-ын хилээр оруулсан гэсэн мэдүүлэг өгсөн” тухай дурдсан байна.
Дашрамд дуулгахад, “Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд өмнө нь гарч байсан. Тухай бүр холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн” хэмээн манай улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд мэдэгдээд байгаа.