Ж.Сандагсүрэн, Ц.Төрхүү нарыг Хотын даргын суудалд Х.Нямбаатар “зүтгүүлж”, Ерөнхий сайд Н.Учрал “гаднаас хүн томилох” хувилбар дэвшүүлжээ

Ж.Сандагсүрэн, Ц.Төрхүү нарыг Хотын даргын суудалд Х.Нямбаатар “зүтгүүлж”, Ерөнхий сайд Н.Учрал “гаднаас хүн томилох” хувилбар дэвшүүлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сараас эхлэн 35 дахь хотын даргаар ажиллаж эхэлсэн билээ. Харин өнгөрөгч Бямба гараг /2026.05.16/-т түүнийг албан тушаалаас нь огцруулж, Нийслэлийн Засаг даргыын орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

"ЕРӨНХИЙ САЙД ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ, САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ БҮРЭН ЭРХТЭЙ"

Ингэснээр дараагийн Хотын даргын сунгаа албан ёсоор эхэлсэн гэж хэлж болно. Үүнтэй зэрэгцэн дараагийн хотын даргад “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал /НИТХ/ Х.Нямбаатарыг дахин нэр дэвшүүлж болно” зэрэг өрөөсгөл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Энэ нөхцөлд хууль, эрх зүйн хувьд хэд хэдэн зүйлийг олон нийт ойлгох шаардлагатай байна. Өдгөө Ерөнхий сайд Н.Учралын Хотын дарга асан Х.Нямбаатарт авч буй хариуцлага нь хотын даргыг чөлөөлөх санал бус, бүрэн эрхийнхээ хүрээнд “огцруулж” байгаа гэдгийг тодотгоё.

Тодруулбал,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2020 оны 12 сарын 24-нд батлагдсан. Энэ хуульд Ерөнхий сайдын бүрэн эрхийг нарийн тусгасан. Ерөнхий сайд өөрийн кабинетыг бүрдүүлэх, аймаг, нийслэлийн Засаг даргыг томилох болон огцруулах бүрэн эрхтэй. Мөн шаардлагатай гэж "үзвэл сахилгын шийтгэл оногдуулах" ч болох юм.

Хуулийн 64.2-т Засаг даргыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг тодорхой заасан байдаг. Үүнд:

  • Хууль тогтоомж ноцтой буюу удаа дараа зөрчих,
  • Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж чадаагүй,
  • Эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлээгүй,
  • Өөрөө хүсэлт гаргасан зэрэг үндэслэлүүд багтдаг.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас

Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд Хотын дарга асан Х.Нямбаатарыг Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангаагүй буюу Засгийн газраас зургаан тэрбум төгрөгийн хүүгийн татаас өгсөн нөөцийн маханд зохиомол хомсдол үүсгэсэн, зохиомлоор үнийг хөөрөгдүүлсэн, тендерт шалгарсан есөн аж ахуйн нэгжийн хоёр нь нэг байсан гэх асуудлаар огцруулсан бөгөөд энэ үндэслэлээ Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдээд байна.

"НИТХ 15 ХОНОГИЙН ДОТОР ШИНЭ НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛАХ ҮҮРЭГТЭЙ БОЛ ЕРӨНХИЙ САЙД НЭГ УДАА ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ"

Хуульд зааснаар "Ерөнхий сайд огцруулах шийдвэрээ тухайн шатны хуралд мэдэгдсэний дараа НИТХ 15 хоногийн дотор шинэ нэр дэвшигчийг тодруулах үүрэгтэй." Энд нэг чухал зүйл бий. Олон нийтийн дунд “Ерөнхий сайд дуртай хүнээ шууд томилно” гэсэн ойлголт түгээмэл байдаг ч хууль зүйн хувьд дараагийн нэр дэвшигчийг НИТХ-аас гаргаж ирэх ёстой.

Цаашлаад НИТХ-аас хүргүүлсэн нэр дэвшигчийг Ерөнхий сайд нэг удаа л томилохоос татгалзах эрхтэй. Харин дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын тав хоногт томилох үүрэгтэй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас

"Х.НЯМБААТАР НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНД Ж.САНДАГСҮРЭН, Ц.ТӨРХҮҮ НАРЫГ ТАНИЛЦУУЛЖ МАГАДАГҮЙ БАЙНА"

Харин өчигдөр /2026.05.18/ Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараагийн хотын даргад Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлэх саналд нэгдсэн талаар эх сурвалж бидэнд мэдээлж байна. Мөн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн нэр ч яригдаж эхэлжээ.

Улмаар эдгээр нэрсийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар намын хорооны хуралдаа танилцуулж магадгүй байна. Улмаар тус намын хороонд санал нэгдсэн нэр дэвшигчээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна. Энэ үед заалнаас ч өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрх нийслэлийн МАН-ын хорооны олон гишүүдэд бий. Гэхдээ ийм улс төрийн соёл эрх баригч намд бараг байхгүй гэдгийг олон нийт мэднэ. Өөрөөр хэлбэл, намын дүрмээрээ нэгдсэн байр сууринд хүрээд НИТХ-аар хэлэлцүүлэх юм. Хуулийн болон намын дүрмээр өрнөх өрнөл бол энэ. 

Тэгвэл улс төрийн хүрээнд дараагийн хотын даргын сунгаанд Х.Нямбаатар өөрийн хүрээллийн Ж.Сандагсүрэн, Ц.Төрхүү нарыг "зүтгүүлж" байгаа бол МАН-ын удирдлагууд гаднаас тавих бодлого баримталж байна. 

"Х.НЯМБААТАРЫН САНАЛ БОЛГОСОН ХОТЫН ДАРГЫГ Н.УЧРАЛ "БАТЛАМЖЛАХГҮЙ", Н.УЧРАЛЫН ТОМИЛСОН ХОТЫН ДАРГЫГ Х.НЯМБААТАР "ДЭМЖИХГҮЙ" ГАЦНА-

Эндээс асуудал зөвхөн “хэн хотын дарга болох вэ” гэдгээс илүү МАН доторх эрх мэдлийн шинэ тэнцвэрийн асуудал болж өргөжиж байгаа нь харагдаж байна. Гэхдээ Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн фракцаас Нийслэлийн МАН-ын хороонд танилцуулах Ж.Сандагсүрэн, Ц.Төрхүү нарын хэн нэгий нэр дэмжигдсэн ч, үүнийг нь МАН-ыг Удирдах зөвлөл дэмжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь өнөөгийн нөхцөлд Ерөнхий сайд Н.Учрал Хотын даргын томилгоонд шийдвэрлэх нөлөөтэй оролцоно. 

Тодруулбал, нэг талаас, Ерөнхий сайд НИТХ-аас ирүүлсэн нэр дэвшигчийг нэг удаа буцаах боломжтой бол Ерөнхий сайд Н.Учралын Хотын даргад нэр дэвшүүлсэн хүнийг НИТХ "ёсчлон батлахгүй" хэмээн гэдийх ч боломж бий. Учир нь Х.Нямбаатар нийслэлд төдийгүй МАН-ын хороондоо өөрийн нөлөөллийг бүрэн алдахыг хүсэхгүй нь тодорхой. Ийм нөхцөлд аль нэг талын “цэвэр хүн” бус, "дундын хувилбар" гаргаж ирэх нь чухал.

Улаанбаатар хот бол Монголын улс төр, эдийн засгийн хамгийн том төв. Нийт хүн амын тал орчим нь нийслэлд амьдарч, улсын эдийн засгийн гол эргэлт энд төвлөрдөг. Тиймээс хотын даргын томилгоо нь зөвхөн нийслэлийн асуудал биш юм. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх улс төрийн нөлөө, эрх мэдлийн байрлалыг тодорхойлох чухал томилгоо гэж улс төрийн хүрээнд харж байна. 

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлснээр ажлаа өгсөн. Үүний дараа Х.Нямбаатар өөрийн бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг орлогчоор томилох санал гаргасан ч Ерөнхий сайд Н.Учрал дэмжээгүй. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон. Харин өнгөрсөн баасан гарагт Х.Нямбаатар түүнийг чөлөөлж, Б.Мөнхбатыг томилсон байгаа юм. Энэ нь Ерөнхий сайд Н.Учрал, Хотын дарга асан Х.Нямбаатар нарын дунд ямар "их зөрчил", эрх мэдэл, эрэмбийн зөрчил байгааг илтгэнэ. Иймээс Ерөнхий сайд Н.Учралын томилсон Хотын даргыг НИТХ-аар "дэмжүүлэхгүй" гэж Х.Нямбаатар ажиллах бол Х.Нямбаатарын санал болгосон Хотын даргыг Ерөнхий сайд Н.Учрал "батламжлахгүй" байх зэргээр асуудал нэлээдгүй үргэлжилж магадгүй байна. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө