Нийслэлийн Засаг даргын орлогч нарын томилгоо, чөлөөлөлт улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2026.05.11/ болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон юм.
Түүнийг НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилсон нь бүтэц, чиг үүргийн өөрчлөлт дагуулсан шийдвэр байв. Учир нь өмнө нь НЗД-ын нэгдүгээр орлогч нь Эдийн засаг, дэд бүтцийн асуудлыг хариуцдаг байсан юм.
Гэвч Г.Жаргалсайханыг томилсноос ердөө тав хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилжээ. Ингэхдээ нэгдүгээр орлогчийн бүтэц, чиг үүргийг дахин өөрчилж, Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч болгосон байна.
Албаныхан Г.Жаргалсайханыг ямар шалтгаанаар чөлөөлсөн талаар тайлбар хийгээгүй байгаа юм. Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Намын дарга Н.Учралын саналын дагуу Г.Жаргалсайханыг орлогчоор томилсон. Иран, Америк шиг дайнтай улс биш хамтраад ажиллана” хэмээн мэдэгдэж байв.
Улс төрийн хүрээнд Н.Учрал, Х.Нямбаатар нарын хооронд үүссэн үл ойлголцол, маргаан нь уг томилгоо, чөлөөлөлтөд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл яригдаж байна. Мөн Г.Жаргалсайханыг УИХ-ын гишүүн, сайд Э.Бат-Амгалангийн нөлөө бүхий хүн гэж улс төрийн хүрээнд үздэг. Ингэснээр НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдсон Г.Жаргалсайхан ердөө тав хоногийн хугацаанд албан тушаалаасаа солигдоод байна. Харин хотын даргын хоёрдугаар орлогч байсан А.Амартүвшин эргэн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан хоёрдугаар орлогч болжээ.
Хэрэв Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2026.05.18/ үүрэгт ажлаа хүлээлгэн өгвөл дараагийн хотын дарга томилогдох хүртэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат түр орлон гүйцэтгэгчээр ажиллах нөхцөл үүсэж болзошгүй байна.
Сануулахад, Хотын дарга Х.Нямбаатар бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ орлогчоор НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг санал болгосон ч Ерөнхий сайд Н.Учрал түүнийг дэмжээгүй байдаг.