Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) өнөөдөр /2026.05.18/ 11:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлоод байна.
Хуралдаан Гандантэгчэнлин хийд орчмын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх асуудлаар эхлэхээр төлөвлөгджээ. Харин энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэгдэх эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Хуулийн дагуу Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа НИТХ-д хүргүүлдэг бөгөөд эцсийн шийдвэрийг НИТХ гаргах зохицуулалттай. Эх сурвалжуудын мэдээлснээр Ерөнхий сайд Н.Учралын өнгөрсөн бямба гарагт гаргасан шийдвэр албажиж, НИТХ-д хүргэгдсэн байна. Мөн Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт /2026.05.15/ “үүрэгт ажлаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгнө” хэмээн мэдэгдсэн бөгөөд өнөөдөр албан тушаалаа өгөхөөр болсон гэх мэдээлэл байна. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас гарах шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
ШУУД ҮЗЭХ: