Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзлаа.
Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө. Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэллээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын их, дээд сургуульд 1055 оюутан суралцаж байна. Дэлхийн түвшний боловсрол эзэмшин, орон нутаг, улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ, манлайлагч болох эдгээр хүүхдийг сургаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь багш нар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Багш нар бол ёс суртахууны ноён оргил байх учиртайг хэллээ. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүхийн багш нарын Их хурал, улсын зөвлөгөөн болсон бол монгол хэлний багш нар зөвлөгөөнөө хийж, ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц, шийдлээ хэлэлцэнэ. Салбарын яам цаашид хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй биш, бүтээлч сэтгэлгээтэй, амьдралын аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах чадвартай, бие, сэтгэл, оюуны тамиртай иргэн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах юм.