СУРВАЛЖИЛГА: Хүүхдээ цонхоор унагаж галаас аварсан айл, "шарах шүүгээгээ асаалттай орхиж" унтсанаас болж гал алдсан байж болзошгүй байна

СУРВАЛЖИЛГА: Хүүхдээ цонхоор унагаж галаас аварсан айл, "шарах шүүгээгээ асаалттай орхиж" унтсанаас болж гал алдсан байж болзошгүй байна

Ахуйн гал түймэр бол дан ганц санамсаргүй тохиолдол биш, хүний хайхрамжгүй үйлдлээс үүддэг хамгийн түгээмэл эрсдэлийн нэг юм. Цахилгаан хэрэгслийн буруу ашиглалт, хараа хяналтгүй орхисон галын эх үүсвэрээс болж жил бүр олон арван хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, олон өрх орон гэрээ алдсаар байгаа нь харамсалтай. Ялангуяа орон сууцанд гарсан гал түймэр богино хугацаанд бусад айл өрхөд тархах өндөр эрсдэлтэй байдаг тул энэ нь зөвхөн нэг гэр бүлийн асуудал бус нийтийн хариуцлагын асуудал болоод байна.

ВИДЕО:

-ХЭРВЭЭ ХЭРЭГ БИШИДСЭН БОЛ ЭНЭ БАЙРНЫ ЦААШЛААД, ЭНЭ ХАВИЙН БҮХ АЙЛУУД ДАГААД ШАТНА ШҮҮ ДЭЭ-

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны гуравдугаар давхарт гарсан гал түймэр хэдхэн минутын дотор олон хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой нөхцөл байдал үүсгэлээ. Орон сууцны цонхоор утаа суунаглаж, доороос нь сандарсан хүмүүс “үсэр, үсэр” хэмээн орилолдон, ойр орчимд байсан бүтээлэг, даавууг цуглуулан, бяцхан хүүг тосож авсан сэтгэл сэртхийлгэм дүр зураг цахим орчинд түгээд амжив. Тэрхүү бичлэгт харагдах бага насны хүүхдийг иргэдийн шуурхай ажиллагааны ачаар аварч, эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа талаар албаныхан мэдээлсэн. Мөн тухайн гал түймрийн голомтоос 22 болон 86 настай хоёр иргэнийг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр 56 метр2 талбайтай, гурван өрөө байрны зочны өрөө болон эд хогшил шатсан бөгөөд галыг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар шарах шүүгээг асаалттай орхисноос үүдэлтэй байж болзошгүй гэх мэдээлэл байгаа ч галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Уг асуудлын талаар ойр орчмын оршин суугчдаас тодруулахад “Энэ бол тухайн айлын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Хэрвээ хэрэг бишидсэн бол энэ байрны цаашлаад, энэ хавийн бүх айлууд дагаад шатна шүү дээ. Сураг сонсоход тухайн айлын хүмүүс шарах шүүгээгээ асаалттай орхиж унтсанаас болж гал гарсан байж магадгүй юм байна лээ. Ер нь л хүмүүс дор бүрнээ анхааралтай байж, гал эрсдэлийг тооцдог байх хэрэгтэй цаашлаад хүүхдэдээ ч мөн энэ талын  мэдлэг, хүмүүжлийг олгох хэрэгтэй” гэсэн юм.

-СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 124 ХҮН АМИА АЛДСАН-

Улаанбаатар хотын хуучны угсармал орон сууцуудын цахилгааны ачаалал хэтэрсэн, галын дохиололгүй, аврах гарцын стандарт хангалтгүй нөхцөл байдал энэ эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа аж. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ахуйн болон объектын гал түймрийн тоо тогтмол өсөж буйг Онцгой байдлын байгууллагын статистик харуулж байна. Албаны мэдээллээс харахад 2025 оны байдлаар улсын хэмжээнд объектын гал түймрийн 2149 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 32.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Эдгээр гал түймрийн:

  • 64.6 хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс
  • 25 хувь нь цахилгааны ашиглалт, угсралтын зөрчлөөс
  • 6.6 хувь нь шалтгаан тогтоогдоогүй
  • үлдсэн хувь нь техник ашиглалтын доголдол, санаатай үйлдэл зэрэг шалтгаантай байна.

Өөрөөр хэлбэл, гал түймрийн дийлэнх нь хүний хайхрамжгүй үйлдлээс үүдэж байна гэсэн үг. Жишээлбэл, Цахилгаан хэрэгслийг залгууртай нь орхих, хоол хийж байгаад унтах, хэт ачаалалтай залгуур ашиглах, чанаргүй цахилгааны утас хэрэглэх, асаалттай индүү, плитка, шарах шүүгээ хараа хяналтгүй орхих зэрэг өдөр тутмын энгийн мэт үйлдлүүд хамгийн том эрсдэл болж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг. Ялангуяа орон сууцанд гарсан гал түймэр богино хугацаанд тархах өндөр эрсдэлтэй. Учир нь айлуудын хаалга, хонгил, агааржуулалтын систем, цахилгааны шугамууд хоорондоо залгаатай байдаг тул нэг айлын гал утаагаар дамжин бүхэл бүтэн орцыг аюулд оруулдаг. Галд шатаж амжаагүй ч угаартаж амиа алдах тохиолдол өндөр байдаг нь үүнтэй холбоотой.

Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд объектын гал түймрийн улмаас 124 хүн амиа алдсан бөгөөд тэдний 72.6 хувь нь шөнийн цагаар өртөж нас баржээ.

Энэ нь хүмүүс унтаж байх үедээ угаартаж, аюулыг мэдэлгүй өнгөрөх эрсдэл өндөр байдгийг харуулж байгаа хэрэг.

-ХӨГЖИНГҮЙ ОРНУУДАД ОРОН СУУЦ БҮР ГАЛЫН ДОХИОЛОЛ, УТАА МЭДРЭГЧ, ГАЛЫН ШАТ, АВТОМАТ УСАН СИСТЕМТЭЙ БАЙДАГ-

Түүнчлэн өндөр настай иргэд, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс галын үед өөрийгөө аврах боломж хамгийн бага бүлэгт тооцогддог. Чингэлтэй дүүрэгт болсон энэ удаагийн гал түймрийн үеэр ч хөршүүд, ойр орчмын иргэд шуурхай хариу үйлдэл үзүүлээгүй бол нөхцөл байдал илүү хүндэрч болзошгүй байжээ. Иргэд доороос нь бүтээлэг тосон зогсож, хүүхдийг аврахыг оролдсон нь нэг талаараа хүнлэг, нөгөө талаараа галын аюулгүй байдлын бодит нөхцөл ямар түвшинд байгааг харуулсан дүр зураг болж байгаа гэхэд буруудахгүй.

Учир нь хөгжингүй орнуудад орон сууц бүр галын дохиолол, утаа мэдрэгч, галын шат, автомат усан системтэй байдаг бол Монголд олон байр эдгээр шаардлагыг бүрэн хангадаггүй. Тэр ч байтугай зарим орон сууцны орц, хонгилд айлууд эд зүйлсээ хурааж тавьснаар галын үед гарах гарцыг хаадаг нийтлэг зөрчил бий.

Гал түймэр нь  зөвхөн эд хөрөнгө сүйтгээд зогсохгүй сэтгэлзүй, нийгмийн асар том хохирол дагуулдаг байна.

Нэг айлын алдаа олон айлын амьдралд нөлөөлнө. Хүүхдүүд айдаст автана. Өндөр настнууд угаартаж эрүүл мэндээрээ хохирно. Зарим өрх орон гэргүй болж, амьдралынхаа бүх хуримтлалыг хэдхэн минутын дотор алддаг. Тиймээс "нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдана" гэдгийн үргэлж санаж иргэд дор бүрнээ анхаарал, хариуцлагатай байх шаардлагатай.




Өнөөдөр нохой өдөр

31 минутын өмнө