Улсын Драмын Эрдмийн Театрын талбайд байрлуулсан сурталчилгааны самбар нь барилгын гоо зүй, архитектурын шийдэл, түүхэн үнэ цэнд сөргөөр нөлөөлж байна хэмээн Үндэсний Урлагийн Их театраас уг байгууламжийг нураах шаардлагыг гаргажээ.
Тэдний зүгээс уг самбар нь театрын орчны нийтийн харагдах байдал, хотын төвийн өнгө төрхийг алдагдуулахаас гадна орчны аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг онцолсон байна.
Түүхэн талаас нь авч үзвэл, тус барилгын суурь 1957 онд тавигдаж, 1960 оны аравдугаар сард ашиглалтад оржээ. Анх Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулж, архитектор Б.Чимэд, А.Хишигт нарын зураг төслөөр баригдсан түүхтэй. Монголын үндэсний архитектурын сонгодог өв болох "Улсын Драмын Эрдмийн Театр" -ын барилга нь Азийн Архитектуруудын Холбоо (ARCASIA)-ноос гаргасан тунхаг бичигт заасан “Баригдаад 50, түүнээс дээш жил болсон, түүхэн он цаг, соёл, урлагийн ач холбогдол, үнэ цэнэ, ур хийц, дахин давтагдашгүй байдал” зэрэг шалгуурт нийцсэнээр 2010 онд “Азийн архитектурын өв"-өөр бүртгэгдсэн байна. Эдүгээ уг барилгад Улсын Драмын Эрдмийн Театр, Үндэсний Урлагийн Их Театр, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж, гадаад дотоодын мянга мянган үзэгчид үйлчилчлүүлдэг манай улсын нүүр царай болсон байгууламж юм.