ХЭҮК “Хотула” аппикэйшн иргэдийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ

ХЭҮК “Хотула” аппикэйшн иргэдийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнөөдөр (2026.04.16) цахим шилжилт, хиймэл оюунд суурилсан үйлчилгээний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүний эрхтэй холбоотой зөрчил үүсэх эрсдэл нэмэгдэж буй талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХЭҮК “Хотула” аппликейшнд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан юм. Тус аппликейшнийг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон Дижитал Инфосек ХХК хамтран 2025 оны арваннэгдүгээр сарын 6-нд байгуулсан гэрээний хүрээнд хөгжүүлжээ.

Шалгалтаар “Хотула” аппликейшн нь иргэдийн халдашгүй, чөлөөтэй байх эрх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсгэсэн байж магадгүй гэж үзсэн байна. Мөн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн шаардлагыг хангаагүй байж болзошгүй асуудал илэрчээ.

Энэхүү асуудлыг иргэнээс ирүүлсэн гомдолтой хамтатган шалгасан бөгөөд нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, баримт гаргуулахаар ХЭҮК-оос удаа дараа хандсан байна. Гэвч 2026 оны хоёрдугаар сарын 16-нд ирүүлсэн тайлбар хангалтгүй байсан тул сонсох ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Улмаар хоёрдугаар сарын 28-нд тайлбар өгөх боломж олгосон ч гуравдугаар сарын 9-нд товлосон сонсголд холбогдох албан тушаалтан хүрэлцэн ирээгүй бөгөөд албан бичгээр тайлбар ирүүлэх амлалтаа ч биелүүлээгүй байна. Иймд ХЭҮК өөрт байгаа мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд “Хотула” аппликейшний хэрэглэгч бүртгэх, танин баталгаажуулах үйл явц нь хуульд заасан зарчмыг хангахгүй байна гэж үзжээ. Тодруулбал, иргэний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа зөвшөөрөлд тулгуурлах, эрх ашгийг хүндэтгэх шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнэсэн байна. Мөн тус аппликейшн нь төр, хувийн хэвшлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор ДАН систем болон нүүр царай таних технологид суурилсан гурван шатлалтай баталгаажуулалтын систем ашиглаж байгаа нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд эрсдэл дагуулж болзошгүйг онцоллоо.