Иргэн, аж ахуйн нэгжүүд үүсгэсэн хог хаягдлынхаа хэмжээгээр төлбөр төлдөг болно

Иргэн, аж ахуйн нэгжүүд үүсгэсэн хог хаягдлынхаа хэмжээгээр төлбөр төлдөг болно

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг боловсруулахдаа салбарын өнөөгийн нөхцөл байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, хог хаягдлын хэмжээ, бүтэц, өсөлтийн чиг хандлагыг нарийвчлан тодорхойлсон байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд нийслэлийн хүн ам 17-19 хувиар өссөн нь хог хаягдлын хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ тэлэхийн хэрээр хогийн төрөл, хэмжээ өссөөр байгаа бөгөөд 2025 оны байдлаар төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2,057,886 тонн хог хаягдлыг хүлээн авч, дарж булшлах аргаар устгасан байна. Шинэ мастер төлөвлөгөө нь хог хаягдлын менежментийн тогтолцоонд дараах томоохон өөрчлөлтүүдийг хийхээр тусгажээ.

Үүнд “бохирдуулагч төлөх” зарчмыг нэвтрүүлж, иргэн, аж ахуйн нэгжүүд үүсгэсэн хаягдлынхаа хэмжээгээр төлбөр төлдөг системд шилжих юм. Ингэснээр улсын төсвийн татаас буурч, үйлчилгээний салбарт чөлөөт үнийн тогтолцоо бүрдэх нөхцөл бүрдэнэ. Мөн дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгасан, хог хаягдлаа бууруулсан иргэн, байгууллагуудад үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцэн хог цуглуулалт, тээвэрлэлтийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, өрсөлдөөнийг бий болгосноор үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Түүнчлэн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх чиглэлийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлах юм. Хууль, эрх зүйн орчныг шинэчилснээр ландфилл буюу булшлах аргаар устгаж буй хогийн хэмжээг эрс бууруулж, үүнээс үүдэлтэй хөрс, ус, агаарын бохирдлыг багасгах ач холбогдолтой гэж үзэж байна.