АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдэд хандан, АНУ "ойрын хугацаанд Иранаас гарна" хэмээн мэдэгдэж, цэргийн ажиллагаа "хоёр, гурван долоо хоногийн дотор" дуусах боломжтойг онцолжээ.
Тэрээр АНУ өнгөрсөн сарын сүүлээр Израильтай хамтран Ираны эсрэг эхлүүлсэн агаарын цохилтын өмнө тавьсан зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Ираны цөмийн зэвсэг хөгжүүлэх чадавхыг хязгаарлах үндсэн зорилго биелсэн бөгөөд АНУ одоо "ажлаа дуусгах шатандаа орсон" гэжээ.
Мөн тэрээр АНУ Ираны агаарын орон зайд хяналтаа тогтоож, улс төр, цэргийн өндөр албан тушаалтнуудыг устгаснаар дэглэмийн өөрчлөлтөд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Д.Трамп Ираны шинэ удирдлагыг өмнөхөөс "бага радикал", "илүү прагматик" хэмээн тодорхойлжээ.
Түүнчлэн, Иран цөмийн зэвсэг бүтээж чадахгүй болсон гэдэгт АНУ итгэлтэй байгаа бөгөөд "хэлэлцээр байгуулах эсэхээс үл хамааран" цэргээ гаргана гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч Ираны тал хэлэлцээ хийх сонирхол илэрхийлж буй тул тохиролцоонд хүрэх боломж нээлттэй гэж тэр нэмж хэлжээ.
Д.Трампын хэлснээр, Ираны удирдлагууд дайныг зогсоохын тулд АНУ-тай хэлэлцээр хийхийг хүсч байгаа ч Тегеран тус мэдээллийг үгүйсгэж байгаа аж. Мөн Д.Трамп хоёр тал албан ёсны зуучлалын хэлэлцээргүйгээр ч мөргөлдөөн дуусах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин газрын тосны үнийн өсөлтийн талаар тэрээр, АНУ цэргийн ажиллагаагаа зогсоосны дараа нөхцөл байдал намжиж, нөгөө тал буулт хийх болно гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC