Монгол Улсад морин хуур урлаачийг мэргэжлийн түвшинд бэлтгэх анхны анги нээгдлээ

Монгол Улсад морин хуур урлаачийг мэргэжлийн түвшинд бэлтгэх анхны анги нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны зарлигийн хүрээнд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид морин хуур урлаачийн ангийг анх удаа байгуулсан байна. 2025 оны намар тус ангид элссэн 30 гаруй суралцагч нэг жилийн хугацаанд амжилттай суралцаж байгаа бөгөөд сургалтын орчин, үйл ажиллагаатай Ерөнхийлөгч биечлэн танилцаж, багш мэргэжилтнүүдтэй уулзжээ.

Шинээр нээгдсэн ангид Морин хуур урлаачдын холбооны шилдэг мастер урлаачид багшилж, онол болон практик хосолсон сургалтыг танхим болон урлангийн орчинд явуулж буйг онцолсон байна. “Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга” хөтөлбөр нь суралцагчдад давхар мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй урлаачаар бэлтгэх, ажлын байраар хангах боломжийг бүрдүүлж байгаа юм. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Оюутнуудад амжилт хүсч, айл өрх бүр морин хуурчтай болоход урлаачдын оролцоо чухал болохыг онцлон, цаашид төрийн бодлогын түвшинд дэмжин ажиллахаа” илэрхийллээ. 60 жилийн түүхтэй Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь өнөөг хүртэл 40 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн бөгөөд үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын чиглэлээр 33 мэргэжлээр сургалт явуулж байна. Тус сургууль 2,152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай бөгөөд 250 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, төгсөгчдөө ажлын байраар хангах, цаашид дотоод, гадаадын 20 гаруй сургуульд шатлан суралцах боломжийг бүрдүүлдэг ажээ.