АНУ Ойрхи Дорнодод цэргийн хүчээ эрчимтэй нэмэгдүүлж эхэллээ. Тодруулбал, АНУ-ын армийн элит 82-р агаар десантын дивизийн олон мянган цэрэг тус бүс нутагт хүрэлцэн ирээд байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын тэнгисийн явган цэргийн 2,500 алба хаагч тус бүсэд байрласан юм.
Одоогоор Ираны нутаг дэвсгэрт цэрэг оруулах албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч ирээдүйд хэрэгжиж болзошгүй цэргийн ажиллагаанд бэлтгэх зорилгоор чадавхаа нэмэгдүүлж байна хэмээн Reuters агентлаг мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй хэлэлцээ эерэг үр дүнтэй явагдаж байгааг онцолсон ч үүний зэрэгцээ бүс нутагт цэргийн хүч төвлөрүүлсээр байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Вашингтон Иран руу шууд цэрэг оруулалгүйгээр зорилгодоо хүрэх боломжтой гэж мэдэгджээ. Түүний тайлбарласнаар, Ойрхи Дорнодод цэргийн хүч нэмэгдүүлж байгаа нь тодорхой нэг ажиллагаа эхлүүлэхээс илүүтэйгээр гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд шуурхай шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх зорилготой аж.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын төвлөрүүлж буй хүчийг Ираны нефтийн экспортын гол зангилаа болох Харг аралд чиглэсэн ажиллагаанд ашиглах боломжтой. Тус арал нь Ираны газрын тосны экспортын 90 орчим хувийг дамжуулдаг стратегийн чухал бүс юм. Үүнээс гадна АНУ-ын засаг захиргаа өмнө нь тусгай ажиллагааны хүч ашиглан Ираны өндөр баяжуулсан ураны нөөцийг хураан авах зэрэг хувилбаруудыг дотооддоо хэлэлцэж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.