Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2026.03.30/ "Туулын хурдны зам" төслийг эсэргүүцэж буй иргэдийг "эсэргүүцэх" жагсаалыг зохион байгуулсан билээ.
Тэрбээр энэ үеэрээ "С.Цэнгүүний аав Зайсангийн гүүрний цаана зөвшөөрөлгүй барилга бариад, бохирыг нь Туул гол руу цутгаж байгаа. Ийм хүн Туул голоо аврах уу. Одоо бүгдээрээ С.Цэнгүүний аавын хууль бус барилгын үүдэнд очиж, эсэргүүцэл үзүүлье" хэмээн уриалсан байдаг. Мөн үүнтэй холбоотойгоор Туул голд бохир ус хальж, гол руу цутгаж байна гэх бичлэг цахим сүлжээнд цацагдсан юм.
Тэгвэл энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Туул голд бохир ус хальж, гол руу цутгаж байна гэх мэдээлэл, зураг дүрс олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Уг асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь үзлэг, шалгалт хийсэн бөгөөд дээрх зураг, дүрс нь 2 жилийн өмнөх бичлэг болохыг тогтоосон болно. Иймд иргэд, олон нийт баталгаагүй, хуучирсан мэдээллийг түгээхгүй байхыг анхаарч, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна. Холбогдох байгууллагууд нөхцөл байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна" гэжээ.