ТОДРУУЛГА: "Өгий" нуурт живсэн автомашиныг татан гаргасан бөгөөд хүмүүс эсэн мэнд гарсан

ТОДРУУЛГА: "Өгий" нуурт живсэн автомашиныг татан гаргасан бөгөөд хүмүүс эсэн мэнд гарсан

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Мэргэн шанаа” хэмээх газарт “Өгий” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашин мөсөнд цөмөрсөн осол гарчээ.

Тодруулбал, аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т байрлах тус нуурын мөсөн дээгүүр явж байсан 4 зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч живсэн байна. Энэ талаархи дуудлагыг гуравдугаар сарын 28-ны өдрийн 07:45 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Ослын үед автомашинд зорчиж явсан дөрвөн хүн эсэн мэнд гарсан байна. Дуудлагын дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Э-ийн “Hyundai Starex” загварын автомашины урд хэсэг нуурын эргээс 300 метрийн зайд мөсөнд цөмөрч живсэн байжээ. Аврагчид автомашины арын хэсгийн мөсийг цэвэрлэн, гүн рүү живэхээс хамгаалсны дараа гуравдугаар сарын 29-ний өдрийн 08:00 цагт татан гаргах ажиллагааг эхлүүлж, 16:58 цагт амжилттай гаргасан байна. Онцгой байдлын байгууллагаас иргэдэд хаврын улиралд нуур, голын мөс нимгэрч аюултай болдог тул мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна.