Трампын гарын үсэгтэй 100 долларын дэвсгэрт зургаадугаар сард хэвлэлтээс гарна

Трампын гарын үсэгтэй 100 долларын дэвсгэрт зургаадугаар сард хэвлэлтээс гарна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсгийг тус улсын мөнгөн дэвсгэрт дээр байрлуулахаар болжээ. 

Тодруулбал, шинэчлэгдсэн ам.долларын дэвсгэрт дээр Төрийн сангийн сайд Скотт Бессентийн гарын үсгийн хамт Трампын гарын үсэг давхар тавигдах бөгөөд энэ нь АНУ байгуулагдсаны 250 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжих онцгой шийдвэр гэж албаныхан онцолж байна. Шинэ гарын үсэгтэй 100 ам.долларын дэвсгэртийг ирэх зургадугаар сараас эхлэн хэвлэж эхлэх бөгөөд цаашид бусад дэвсгэртэд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

АНУ-д 1861 оноос хойш мөнгөн дэвсгэрт дээр зөвхөн Төрийн сангийн албан тушаалтнуудын гарын үсэг байрлуулдаг уламжлалтай байсан ч энэ удаагийн шийдвэрээр уг жишиг өөрчлөгдөж байгаа юм. Одоогоор гүйлгээнд байгаа дэвсгэртүүд дээр Ерөнхийлөгч асан Жо Байдений үеийн Төрийн сангийн сайд Жанет Йеллен болон сангийн няравын гарын үсэг хэвээр байна.

Энэхүү шийдвэр нь Трампын нэрийг төрийн бодлого, олон нийтийн бэлгэдэлтэй холбох оролдлогын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом үүнийг шүүмжилжээ. Тэрбээр “Америкчууд амьжиргааны зардал өсөхөд хэнийг буруутгахаа мэдэх болно” хэмээн мэдэгдсэн байна.