Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнийг дагаад Оросын нефть бүтээгдэхүүнүүдийн дотоодын үнэ өсөж байгаа. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас боловсруулдаг үйлдвэртэй экспортлогчдын түлш шатахууны экспортыг хязгаарлахаар ярилцаж байна.
Одоогийн байдлаар бензин болон дизель түлшний экспортод тавьсан хязгаарлалт нь зөвхөн үйлдвэрлэгч бус оролцогчдод үйлчилж байгаа бөгөөд 2026 оны долдугаар сарын 31-нийг хүртэл хүчинтэй байгаа юм. Харин үйлдвэрлэгчдийг хамруулах санал гаргаснаар экспортыг илүү өргөн хүрээнд хязгаарлах аж.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак энэ талаар мэдэгдэхдээ, дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсээд буй үнийн өсөлт нь дотоодын шатахууны хангамж, үнийн тогтвортой байдалд нөлөөлж байгааг онцолсон. Тэрбээр богино хугацаанд дотоодын зах зээлийг хангалттай хэмжээнд түлшээр хангах, үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатайг дурджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, бензиний экспортыг түр хугацаанд бүрэн хориглох асуудал бараг шийдэгдэх шатандаа явж байгаа бол дизель түлшний хувьд ижил арга хэмжээ авах эсэхийг одоогоор хэлэлцэж байна.
Эх сурвалж: Интерфакс