Шадар сайд Х.Ганхуяг "Шинэ хоршоо" хөдөлгөөн болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хоршооны зээлийг дөрвөн банкаар дамжуулан хоршоодод олгосон. Одоогоор зээл олголт зогссон байгаа ч хяналт шалгалтын дараа зээлийг үргэлжлүүлэн өгөх эсэхийг шийднэ. Цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад л хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Карбон зах зээл буюу нүүрстөрөгчийн зах зээлийг бүртгэлжүүлэх, цахим систем бий болгох шаардлагатай. Цахим систем хөгжүүлэхэд гурван сая орчим ам.доллар хэрэгтэй. Үүнийг нээснээр малчид нүүрстөрөгчийн зах зээлээс нэмэлт орлого олох боломжтой. Хоршооны зээлийг хэрэглээнд ашигласан тохиолдол их байгаа тул хяналт шалгалтыг эхлүүлж байгаа. Урьдчилсан байдлаар нийт зээлийн 20 хувийг хэрэглээнд зарцуулсан гэж таамаглаж байна. Шинэ хоршоог хоёр чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт, малын даац хэтрээд удаж байгаа. Нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулснаар малчид малаа даацандаа захирагдаж өсгөнө. Төрөөс үүний цахим систем буюу бүртгэлийг хийж өгч малчиддаа тусална. Хоёрдугаарт, дундын хоршоодын асуудал. Цаашид хэрэглээний болон малжуулах зээл олгохгүй байхаар шийдвэр гарсан. Би 11 аймгаар явахдаа олон хоршооны үйл ажиллагаатай танилцсан. Сайн ажиллаж буй хоршоод байна. Хоршоодын хувь нэмрээр махны экспорт өссөн ч хэрэглээний зээлийг төр дэмжиж болохгүй” гэлээ.
ВИДЕО: