УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн /2026.03.16/ хуралдаанаар байнгын хороодын бүтэц, чиг үүргийг салгах асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Боловсрол, шинжлэх ухаан болон Соёл, спортын байнгын хороо болгох мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог Байгаль орчин болон Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болгон тусгаарлах саналыг гаргасныг хэлэлцэж дэмжжээ. Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал нь
-Аж үйлдвэржилтийн бодлого,
-Аюулгүй байдал, гадаад бодлого,
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн,
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын,
-Ёс зүй, дэгийн,
-Инновац, цахим бодлогын,
-Нийгмийн бодлогын,
-Төрийн байгуулалтын,
-Төсвийн,
-Хууль зүйн,
-Эдийн засгийн зэрэг 11 байнгын хороотой ажиллаж байна. Харин дээрх шийдвэр гарснаар байнгын хороодын тоо 13 болж нэмэгдэх юм. Уг асуудлыг үргэлжлүүлэн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.