Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг томилсон нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн хүртсэн. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс уг асуудлыг эсэргүүцэж, дэд сайд нарыг огцруулахгүй бол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодруулахад “Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж, тодорхой шаардлагын хариу өгсөн гэх мэдээлэл байна. Гэхдээ өглөөний чуулганы хуралдаанд оролцож, албан ёсоор авч амжаагүй байна. Албан бус мэдээллээр дэд сайд нарыг чөлөөлж болно гэх тайлбарыг өгсөн. Гэхдээ манай намын бүлэг илүү өргөн агуулгатай шаардлага тавьсан. Шаардлагын хариуд хамтран ажиллах бүрэн боломжтой. Дэд сайд нарыг чөлөөлөх төдийгүй Засгийн газрын бүтэц, агентлаг, дунд болон анхан шатны томоохон бүтцийн өөрчлөлт хийх боломжтой хамтран ажиллая гэсэн. Одоогоор албан ёсоор бичгээр хариу аваагүй байна” гэлээ.