Монголын улс төрийн талбарт бодит нөлөөтэй хоёр том хүчин бий. Нэг нь эрх баригч Монгол Ардын Нам, нөгөө нь сөрөг хүчний гол тулгуур гэгддэг Ардчилсан Нам. Гэвч хамгийн том сөрөг хүчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн албан ёсны орох оронгүй, "Залуучууд зочид буудал"-д толгой хорогдож буй нь бодит үнэн. Гэхдээ тус намд өөрийн гэсэн намын байртай байх боломж байсан уу гэвэл байсан.
ВИДЕО:
-Н.АЛТАНХУЯГ АН-ЫН БАЙР, ГАЗРЫГ 7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАРААД ЖИЛИЙН ДАРАА ДАНСАНДАА 45 МЯНГАН ТӨГРӨГ ҮЛДЭЭЖ БАЙЖЭЭ-
Учир нь Монгол Ардын Нам 1996 онд намын эзэмшилд орсон цагаан байшинг намын түүх, бодлого, институцийн төв болгож өнөөгийн “Тусгаар тогтнолын ордон”-ыг бий болгосон. Түүхэнд хараар бичигдэх 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаалын дараа ч шатсан байраа дахин сэргээж байсан. Харин Ардчилсан Намын хувьд анхнаасаа байргүй байгаагүй. Ардчиллын эхэн үеийн улс төрийн хөдөлгөөнүүд өөр өөрийн байртай байсан бөгөөд өнөөдөр бодитоор харвал гурвын гурван байртай байх боломж байгаа юм.
Тодруулбал,
- Монголын Ардчилсан Холбоо “Ардчиллын ордон” нэртэй байр
- Ардчилсан социалист хөдөлгөөн нь Соёлын төв өргөө болон Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын дунд байрлах “Хүзүүвч” хэмээх байр
- Монголын Үндэсний Демократ Нам нь Төв шуудангийн урд, Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөний дэргэдэх байшинг тус тус эзэмшиж байсан.
Гэвч цаг хугацаа, улс төрийн шийдвэр, хувь хүмүүсийн алхмуудын улмаас эдгээр байр нэг нэгээрээ намын мэдлээс гарчээ. Ялангуяа хотын төвд байрлаж байсан “Хүзүүвч” гэх нэрээр олонд танигдсан АН-ын төв байрны барилгын хувь заяа анхаарал татдаг. Соёлын төв өргөө болон Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын дунд байрлах энэ барилга тухайн үед Ардчилсан Намын төв байр байсан ч 2009-2015 оны хугацаанд намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг уг байшин, газрыг Худалдаа хөгжлийн банкинд 7 тэрбум төгрөгөөр шилжүүлсэн.

Баримтаас үзэхэд, 2013 оны есдүгээр сарын 27-нд АН-ын дансанд “дуудлага худалдааны дэнчингийн төлбөр” гэх утгатайгаар долоон тэрбум төгрөг орж ирсэн боловч нэг жилийн дараа буюу 2014 оны есдүгээр сарын 25 гэхэд ердөө 45 мянган төгрөг үлдсэн байна. Ингэснээр Н.Алтанхуяг АН-ын төв байрыг зарсан ч байртай ч үлдсэнгүй, мөнгөтэй ч үлдсэнгүй гэх ёжтой, бас эмгэнэлтэй үр дүн гарчээ.

Харин өдгөө “Газрын кадастрын нэгдсэн систем”-ээс шүүж үзвэл “Хүзүүвч” байр байсан газар Худалдаа хөгжлийн банкны эзэмших эрхтэй хэвээр байна. Газрын ашиглалтын зориулалт нь “худалдаа, нийтийн үйлчилгээний төв, цогцолбор” гэж бүртгэгдсэн ч бодит байдал дээр өнгөрсөн олон жилийн хугацаанд ямар нэг бүтээн байгуулалт өрнөөгүй.
Хотын төвийн үнэтэй газарт хашаанд түгжигдсэн эзэнгүй талбай, нурсан барилгын үлдэгдэл, ганцаараа торойж үлдсэн хаалга нь нэгэн цагийн намын төв байсныг сануулах мэт “балгас” болжээ.
Мэдээж, иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газраа хэрхэн захиран зарцуулах нь тэдний эрх. Гэсэн ч энэ газар нийслэлийн зүрхэнд, Сүхбаатарын талбайтай бараг хаяа дэрлэн орших тул олон жил орхигдсон байдал нь хотын өнгө үзэмж, эдийн засгийн эргэлт, орчны соёлд сөрөг нөлөөтэйг хэн бүхэн мэднэ. Эцэст нь хэлэхэд, улс төрийн нам гэдэг зөвхөн сонгуулийн үеэр гарч ирдэг туг далбаа, уриа лоозон биш. Нам бол институц. Институц нь өөрийн түүх, архив, орон зай, бэлгэдэлтэй байх ёстой. Тэгэхээр намын байр гэдэг нь зүгээр нэг барилга бус, улс төрийн хариуцлага, тогтвортой байдлын илэрхийлэл юм.