О.Баасанхүү Ардчилсан намд орж буйгаа өнөөдөр зарлана

О.Баасанхүү Ардчилсан намд орж буйгаа өнөөдөр зарлана

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас гарч Ардчилсан намд элсэх тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэрбээр МАХН-аас албан ёсоор гарч буйгаа өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр /2020.04.22/Ардчилсан намд элсэхээр болсон бөгөөд энэ талаараа 12.00 цагт мэдээлэл хийх юм байна.

Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ гэж эх сурвалжууд мэдээлж буй.

О.Баасанхүү гишүүний хувьд МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан. Ингээд 2017 оноос намын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүдтэйгээ таагүй харилцаатай болж, тэдний "маргаан" ил өрнөх болсон.

УИХ-д ганцаарддаг, намын дэмжлэггүй эсрэгээрээ дарамтад байдаг тухайгаа ярьдаг тэрбээр өнгөрсөн оноос УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралд албан ёсоор оролцдог болсон билээ. АН-ын зөвлөл түүнийг хүлээн авч хуралдаа оролцуулж, санал бодлыг сонсдог болсон нь ийм учиртай байжээ.

Тэрбээр Ардчилсан намд орж буй талаараа "МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Сонгуульд нэр дэвшихийн тулд аль нэг намд элсэх ёстой судалж байна.

Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" гэж мэдэгдэж байв.