Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Иргэд байгаа газраасаа санал өгөх, урьдчилж санал авах” зэрэг өөрчлөлт оруулах саналыг СЕХ боловсруулжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Иргэд байгаа газраасаа санал өгөх, урьдчилж санал авах” зэрэг өөрчлөлт оруулах саналыг СЕХ боловсруулжээ

Монголчууд долоо дахь төрийн тэргүүнээ ирэх 2027 онд сонгох учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургаадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж заасан байдаг тул Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох хүртэл 15 сарын хугацаа үлдээд байна.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших, хэн дараагийн төрийн тэргүүн болох талаар иргэдийн дунд олон таамаг мэдээллүүд хөвөрч, улс төрийн хүрээнд нь ч яригдаж эхэллээ. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа нэгнийгээ "харлуулах ажиллагаа" эрчимжиж байгааг ч иргэд харж буй биз ээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын гишүүн Д.Бум-Очирт хүргүүлж, уг хуулийн төслийг боловсруулж байна. Сонгуулийн ерөнхий хорооны саналыг харвал иргэдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч, үндсэн гурван саналыг хүргүүлсэн байх аж.

-СОНГОГЧ БАЙГАА ГАЗРААСАА САНАЛ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛОХ-

Сонгууль өгөх гэж буй насанд хүрсэн иргэн заавал иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ өөрийн биеэр очиж санал өгөхөөр заасан байдаг нь иргэдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулдаг. Учир нь иргэний үүргээ биелүүлж, өөрийн үзэл бодлоор сонгуулиа өгмөөр байвч оюутан, ээлжийн ажилтан зэрэг өөрийн харьяалал дээрээ биечлэн очиж, саналаа өгөх боломжгүй олон хүмүүс бий. Тухайлбал, Увс аймгаас Улаанбаатарт сурч буй оюутан 1400 километр зам туулж, сонгуулиа өгөх нь хүндрэлтэй асуудал. СЕХ-ноос хийсэн судалгаа ч үүнийг баталсан байна. 

Тодруулбал, 21 аймаг, 330 сумын нийт 11,700 сонгогчийг хамруулсан “Сонгогчийн зан төлвийн судалгаа”-аар сонгогчдын 33.9 хувь нь санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан, 7.7 хувь нь оюутан буюу өөр газарт амьдарч байсан, 0.5 хувь нь гадаад улсад байсан гэх шалтгаанаар сонгуульд оролцож чадаагүй байна.

Иймд Сонгуулийн ерөнхий хороо сонгуульт өдөр санал өгөх боломжгүй иргэдийн саналыг урьдчилж авах арга хэлбэрийг нэвтрүүлэх, заавал иргэний үнэмлэх дээр бүртгэлтэй газраа санал өгөх бус байгаа газраасаа санал өгөх боломжийг бий болгохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа боловсруулсан байна. Ингэснээр уул уурхай, тээврийн салбарын 56 мянга орчим ажилтан, 20 мянга орчим оюутан, сонгуулийн зохион байгуулалтад оролцдог 46 мянга гаруй төрийн албан хаагч гээд нийт 250 мянга орчим сонгогч санал өгөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхгүй болох аж.

-ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛ ӨГӨХДӨӨ УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛЭХГҮЙГЭЭР СОНГУУЛЬ ӨГӨХ БОЛОМЖ-

Сонгууль бүх нийтийнх байх зарчимтай. Гэсэн ч гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэд сонгуульд хамрагдах боломж хомс байдаг нь мөн л шүүмжлэл дагуулдаг. Учир нь Монгол Улсаас тус гадаад улсад байх дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан иргэд сонгуульд саналаа өгдөг. Гэвч дэлхийн хэмжээнд манай улсын нийт 49 дипломат төлөөлөгчийн газар л бий.

Иймд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй хотод байгаа оршин суух монгол иргэд саналаа өгч чадахгүйд хүрдэг гэсэн үг. Мөн санал авах ажиллагаа нь сонгуульт өдрөөс өмнө болдог тул мэдээлэл, мөрийн хөтөлбөрт үндэслэн сонголтоо хийх боломжийг хязгаарладаг байна.

Иймийн тулд Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэд санал өгөхдөө урьдчилан бүртгүүлэхгүйгээр, сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс хойш санал өгөх боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгахаар санал боловсруулжээ. Гэхдээ уг саналд иргэдийн хүсдэг цахимаар, шуудангаар санал өгөх зэрэг асуудал тусгагдаагүй байна. Сонирхуулахад, манай улсын 120 мянга орчим сонгогч гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаагаас 5–6 хувь нь сонгуульд оролцохоор бүртгүүлж, бүртгүүлсэн сонгогчдоос дунджаар 65 хувь нь л сонгуульд оролцож, сонгох эрхээ эдэлдэг байна. Энэ нь нийт бүртгэлтэй 120 мянган сонгогчийн 4600 орчим нь л санал өгдөг гэсэн үг.

-СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛЫГ БОЛОВСРУУЛЖЭЭ-

Түүнчлэн уг хуулийн төслөөр бол санал авах шинэ төрөл, хэлбэрийг нэмэгдүүлж байгаагаас шалтгаалан дагалдан гарах хуулийн төсөл боловсруулах шаардлага тулгарсан байна. Тухайлбал, санал авах төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхдээ сонгуулийн автоматжуулсан систем, түүнд хамаарах тоног төхөөрөмжийг судлах, тодорхойлох, баталгаажуулах зэрэг чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн чиг үүрэгт нэмэлтээр тусгах зорилгоор Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулжээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал энэ хаврын чуулганд багтаан батлах ёстой. Учир нь "Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно" гэж заасан байдаг. Иймд ирэх зургаадугаар сараас өмнө л Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө