Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, УИХ-ын гишүүнийг эргэн татахтай холбоотой хуулийн төсөлд УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өргөн барилаа. Парламент хэлэлцэх товийн дарааллаар хэлэлцэгдэх болно. Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулинд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохтай холбоотой заалтуудыг илүү тодорхой болгож байгаад оршино. Өнөөг хүртэл зарим зүйл тодорхой бус, хэрэгжихгүй байгаа учрыг засах зорилготой. Тухайлбал, УИХ-ын гишүүн хавар, намрын чуулганд 70 хувиас доош хурлын ирцтэй тохиолдолд эргүүлэн татагдах боломжтой. Ийм тохиолдолд иргэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргах бөгөөд тус хороо асуудлыг хэлэлцэн, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргана. Мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон гишүүнийг эргүүлэн татна. Хуулийн төслийг баталсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан” гэлээ.