Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотоос зүүн тийш 5 км орчим зайд байрлах шинэ суурьшлын бүсэд 410 иргэнд газар олгох бүртгэл өнөөдөр /2026.03.09/ өглөө 09:00 цагаас эхэллээ.
Одоогийн байдлаар газар олголтын үйл ажиллагаа эхэлж, 25 иргэн 50 байршилд газар сонгож бүртгэлээ хийлгээд байна. Харин гадаа нь гурав хоног дараалалд зогсон хүлээсэн иргэдийн зүгээс нэг хүнд олон газар олгож байгаа явдалд бухимдалтай байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас "Иргэдэд үнэгүй олгох өмчлөлийн газрын өргөдлийн хүсэлтийг 03 сарын 9-нд товлосон газраа хүлээж авна" гэх мэдэгдлийг гаргаснаас үүдэн уг газар олголттой холбоотойгоор 6000 гаруй иргэн газар авах хүсэлтээ илэрхийлж, бичиг баримтаа бүрдүүлжээ. Иргэд энэ сарын 6-ны 16 цагаас аймгийн Хот тохижилтын байрны үүдэнд дараалал үүсгэн гурав хоножээ. Эхний өдөр 130 хүн хоносон бол хоёр дахь өдрийн орой 22 цагийн байдлаар 300 гаруй хүний дараалал үүссэн байлаа.