Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр /2026.03.06/ тохиож байна. Харин үүсэж хөгжөөд 113 болж буй энэ салбарын эрх чөлөөний индекс жил ирэх тусам ухарсаар буй.
Тодруулбал, Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагын гаргасан индексээр 2021 онд 71.03 оноогоор 180 улсаас 68 дугаарт, 2024 оны тавдугаар сард 180 орноос 104 дүгээр байрт жагсаж, "хагас эрх чөлөөтэй" гэсэн ангилалд багтаж байсан бол 2025 онд 109 дүгээрт жагсаж, "аюултай, эрсдэлтэй" гэсэн ангилалд багтаад байгаа.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг сайжруулахад чиглэсэн "RSF"-ийн өгсөн зөвлөмж:
Сэтгүүл зүйн салбарын чиглэлийг тодорхой болгох: Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ёс зүйн тодорхой хэм хэмжээг баримталдаг байх ёстой. Тиймээс мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчдийг нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл нийтэлдэг хүмүүсээс ялгаж, хяналт зохицуулалтыг нь мөрдүүлэх,
Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах: Төрийн болон хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллагын аль нь ч редакцийн шийдвэрт хөндлөнгөөс оролцох, сэтгүүлчид болон хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамт үзүүлэхгүй байх хууль санаачилж, баталгаажуулах,
Эх сурвалжийн хамгаалалтыг сайжруулах: Сэтгүүлчдийн эх сурвалжтай холбогдох бүх хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа тагнуул, мөрдөх системээр дамжуулан сэтгүүлч, эх сурвалжийн хувийн аюулгүй байдлыг үл харгалзан хөндлөнгөөс шахалт үзүүлэхгүй байх орчныг бүрдүүлэх, хувийн мэдээллийг нь тараана гэх сүрдүүлгийг хязгаарлах,
Өөрийгөө зохицуулах стандартыг сурталчлах: Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) зэрэг сэтгүүлзүйн сурвалжлагын ил тод, найдвартай байдлыг бэхжүүлдэг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг батлах нь сайн талыг бий болгоно. Мөн Монголын хэвлэл мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчдэд хууль эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргийг бий болгох шаардлагатай. Иймд өөрсдийгөө олон улсын түвшинд үнэлэх, баталгаажуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
Хэвлэл мэдээллийн өмчийн болон санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх: Төрийн шууд бус өмчийг оролцуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийг бүрэн ил тод болгох, түүнчлэн төрийн санхүүжилт, ялангуяа улс төрийн сурталчилгаа захиалгаар явуулж буй дэлгэрэнгүй мэдээллийг ил тод болгох шаардлага тавьж хэвших хэрэгтэй гэжээ.