Дэлхийн банк нь Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулах, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөх төслийн судалгаатай танилцаж, хамтран ажиллахад бэлэн байна.
Энэ тухай үзэл бодлоо Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай уулзаж, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөх төслийн санхүүжилтийг ярилцах үеэр илэрхийлжээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 2022 оны зарлиг, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх авто замыг өргөтгөн шинэчлэх талаар танилцуулсныг ЗТЯ мэдээлэв. Уулзалтын үеэр талууд төслийн урьдчилсан судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл, авто замын өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцжээ. Төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдэхээр төлөвлөж байсан ч олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлага үүсээд буй.
Сайд Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам, олон улсын транзит тээврийн чухал коридор болохыг дурдаж, сүүлийн жилүүдэд авто замын ачаалал эрс нэмэгдэж, энэ чиглэлд осол аваарын тоо нэмэгдсэн тул өргөтгөн шинэчлэх, төслийг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглэсэн юм. Төсөл хэрэгжүүлэхдээ зам чөлөөлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийн үл хөдлөх хөрөнгөд халдахгүй, бэлэн төсөлд хамтран ажиллах, ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх саналыг тавьсан байна.
Манай улсын эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих ач холбогдолтой тус төслийн ТЭЗҮ судалгаа, зураг төслийг хийж дуусжээ.