Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шинэ Улаангом зах" өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шатсан байдаг.
Тухайн захад 280 гаруй худалдаа эрхлэгчид лангуу түрээслэн үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд уг байр нь орон нутгийн өмчийнх байсан нь "төр худалдаа үйлчилгээний төвтэй байх нь буруу" зэргээр шүүмжлэл дагуулж байсан юм. Улмаар 2026 оны Увс аймгийн төсөвт 5 тэрбум төгрөг суулгаад байсан. Тэгвэл “Шинэ Улаангом” захын түрээслэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хүн тус бүрт 20 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй зээл олгохоор болсон байна .
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Заяабал, "Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд “Шинэ Улаангом” захын асуудлыг шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 30 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн холбогдох журмын дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохоор шийдвэрлэлээ" гэжээ.
