Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ

Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026-03-05) Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. 

Ерөнхий  сайд Г.Занданшатар "Олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн улаанбуудай, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад Засгийн газар онцгой анхаарч, дэмжинэ. Засгийн газраас татварын тогтвортой орчин бүрдүүлж, улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ"  гэлээ.

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал, сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг даалгалаа. Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав. Хөдөө аж ахуйн корпорацын өөрчлөн зохион байгуулалтад Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг хүлээн авч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд буй юм.