Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар товложээ.
Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч нас барсан эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн тогтоолоор батлагдсан; тухайн орон нутгаас шилжсэн; төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон; хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болдог. Улмаар орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг юм. Хуульд заасны дагуу орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2026 оны 3 дугаар сарын 16-аас өмнө товлон зарлана. Өнгөрсөн жил хоёр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын 65 мандатад нөхөн сонгууль явуулсан юм.