Монголын сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 113 жилийн ойд зориулсан “Media Mongolia-2026” чуулган болж байна

Монголын сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 113 жилийн ойд зориулсан “Media Mongolia-2026” чуулган болж байна

Монголын үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 113 жилийн ойг тохиолдуулан Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн Үүр төв НҮББ-аас зохион байгуулж буй “Media Mongolia 2026” чуулган өнөөдөр /2026.03.05/ болж байна. Энэхүү арга хэмжээ нь медиа салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх, туршлага солилцох зорилготой юм.

1913 оны гуравдугаар сарын 6-нд Жамсраны Цэвээн “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг эрхлэн гаргаснаар Монголын үндэсний сэтгүүл зүйн хөгжлийн эхлэл тавигдсан гэж үздэг. Тиймээс энэхүү өдрийг Монголын сэтгүүл зүйн түүхэн чухал мөч хэмээн тэмдэглэдэг билээ. “Media Mongolia 2026” чуулган нь “Breaking Limits, Building the Future” буюу “Хязгаарыг давж, ирээдүйг бүтээе” уриан дор болж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарын олон асуудлыг хөндөн хэлэлцэнэ.

Тухайлбал, сэтгүүл зүй дэх хөрөнгө оруулалт, хэвлэл мэдээллийн бизнесийн чиг хандлага, хиймэл оюуны хэрэглээ, нийгэмд итгэлцэл бий болгох үүрэг, нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүй зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх юм.Мөн чуулганд дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, редактор, продюсер, судлаачид болон медиа бизнесийн салбарынхан оролцож, сэтгүүл зүйн өнөөгийн өнгө төрх, цаашдын боломжийн талаар нээлттэй хэлэлцэж буйгаараа давуу талтай.

Б.Ану