Өвөлжилт хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс дэмжлэг үзүүлэв

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс дэмжлэг үзүүлэв

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн Засаг дарга болон аймгуудын Онцгой комисст тодорхой үүрэг, чиглэл өгсөн талаар мэдээллээ. Энэ үеэр Шадар сайд Х.Ганхуяг үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн орон нутгийн удирдлагуудад холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комисс-оос малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцолсон юм. Мөн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулахад чиглэсэн арга хэмжээг орон нутагт эрчимжүүлэхийг чиглэл болгожээ. Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр аймаг, сумдын Эрүүл мэндийн төвүүд, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс тодорхой хэмжээний техник, хэрэгсэл, малын тэжээл олгосон байна.

Тухайлбал:

  • туулах чадвар сайтай 20 автомашин,
  • цас ихээр орж зам, даваа хаагдсан аймаг сумдад зориулсан 2 автогрейдер,
  • 5 ковш,
  • 796 тонн өвс,
  • 8154 тонн тэжээл,
  • 50 тонн шатахуун-ы дэмжлэгийг аймаг бүрт улсын нөөцөөс олгожээ.

Эдгээр техник, хэрэгсэл нь өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй бүс нутагт зам давааг нээх, малчдад тусламж үйлчилгээ хүргэх, тээвэр ложистикийн саад бэрхшээлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их болон их эрсдэлтэйд тооцогдсон баруун, төв, хангайн бүсийн аймгуудад Улсын онцгой комиссын ажлын хэсэг 2025 оны арваннэгдүгээр сараас эхлэн ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Өнгөрсөн зун баруун болон төвийн зарим аймагт ган гачиг тохиосон бол зарим бүс нутагт зуншлага харьцангуй сайн байсан. Харин өвлийн улиралд зарим газарт их хэмжээний цас орсны улмаас нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 50 орчим хувьд зудын эрсдэл өндөр түвшинд үнэлэгдсэн байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг сумдын Онцгой комиссууд болон малчид, иргэд хамтран авч хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд зудын эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан талаар албаныхан мэдээллээ. Цаашид орон нутгийн удирдлагууд цаг агаарын нөхцөл байдлыг байнга хянаж, малчдад шаардлагатай дэмжлэг туслалцааг шуурхай хүргэх, өвөлжилт хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө