Скүүтэр, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй гэх саналыг НИТХ-ын дарга А.Баяр гаргажээ

Скүүтэр, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй гэх саналыг НИТХ-ын дарга А.Баяр гаргажээ

Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, скүүтэр, мопедын хэрэглээ, зохицуулалтын асуудлыг хэлэлцсэн.

Хурлын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Нийтийн эзэмшлийн явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хэсэгт скүүтэр, мопед байршуулах, зорчуулах явдлыг хязгаарлах шаардлагатайг” онцолжээ.

Тэрбээр “Скүүтэр, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй байх, зориулалтын бүс, замаар хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх нь иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал алхам гэдгийг албаныхан дурдав. Түүчлэн зөвхөн 16 нас хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай ба нас баталгаажуулалтыг цахимаар хийх чиглэлд анхаарч, E-Mongolia, Dan систем-тэй хамтран ажиллана. Мөн ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг хийж дуусгах төлөвтэй байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхдээ иргэний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавихын зэрэгцээ хувийн хэвшлийн ашиг сонирхолыг хүндэтгэнэ” гэв.

Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан "Замын хажуугийн ногоон байгууламжийг эвдээд явган хүний замаа өргөтгөх нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн нь олон нийтээс шүүмжлэл хүртэхэд хүргээд байна. 

Өнгөрсөн онд Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол байгуулсан бол энэ жил Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол шинээр байгуулах боломжтой юм. Зогсоол бүрт стандартын хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн байна. Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын хувьд L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэлд хамаардаг. Иймд толь, гэрэл, тоормосны механизм зэрэг аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангуулах, цаашид улсын дугаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байгаа аж.

Б.АНУ