Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” морин спорт уяачдын холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.
“Арвагар хээр” холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн “Манай холбоо 2016 онд Өвөрхангай аймгийн төв дээр 400 сумын алдарт уяачийг, төрийн ордонд 225 улс аймгийн алдар цолтой уяачийг цуглуулж уулзалт зохион байгуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төр засаг маань олон ч зүйлийг хорилоо, хууль дүрэм нь ч олигтой болсонгүй. Үүнээс болоод уяачдын дунд олон бэрхшээл үүслээ.
Бид нүүдэлчин ахуйгаас суурин соёл иргэншилд шилжиж байгаа ард түмэн. Нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил өнөөгийн суурин соёлтой нийцдэггүй. Энэ бол тэс өөр зүйл. Энэ зааг дээр будлиад байна. Яавал зөв бэ гэдгийг л ойлгохгүй байгаа бололтой. Гаргаж байгаа тушаал, шийдвэр нь зөвхөн өнөөдрийг л хараад байна. Тэрнээс биш дараагийн жилүүдэд үр дагавар нь ямар байх, цаашдаа Монголын өв соёл ямар хэмжээнд очих вэ гэдэгт том уяачдын холбоо, төрийн байгууллагууд, том уяачдын холбоонууд дорвитой ажиллаж чадахгүй байна. Хүүхдээр морь унуулахыг хориглочихсон. Одоохон бид нүүрсээ зөөж, алтаа ухаад амьдраад болоод л байна. Гэвч энэ нөөц хэзээ нэгэн цагт шавхагдана. Үүний дараа бид үндэсний өв соёлоороо л хоолоо олж иднэ шүү дээ. Гаднын жуулчид манай орны соёл, байгалийг үзэх гэж биш үндэсний зан заншил, ахуйг харах гэж ирдэг юм байна. Таван ханатай гэртээ арвуулаа, малаа маллаад амьдарч байгааг л үзэх гэж ирдэг.
- ХҮҮХЭД БАГА НАСАНДАА МОРЬ УНАЖ СУРАХ ТУСАМ АЙДАСГҮЙ БОЛДОГ-
ММСУХ байгуулагдаад 1995 оны үед нэг дүн мэдээ гаргажээ. Үүнд, Монголд 70 гаруй мянган уяач, 30 гаруй мянган унаач байна гэж дурдсан байгаа юм. Үүнээс хойш өөр судалгаа хийгдээгүй. Би 2008 онд судалгаа хийхэд 70 мянган уяачийн 50 хувь багасаж, 30,000 унаач 10,000 болсон байсан. Өнөөдөр бол бүр ч цөөрсөн байх. Энэ цогц бодлогыг төр өөрөө зөв гаргаж чадахгүй, хэрүүлийнх нь байг тавиад байна. Монголын үндэсний баяр наадмын тухай хууль гээд л гаргадаг. Хуулиа биелүүлэхгүй байж журам гаргачихдаг. Журмаар уралдуулна гээд л сэрвээ хэмжиж эхэлсэн. Энэ мэтчилэн олон зүйл бий. Одоо монгол адууны стандартыг баталчихсан энэ жил яаж уралдах нь тодорхойгүй. Сэрвээ хэмжиж байсан нь монгол адуу гэж үзэх үндэслэлийнх нь зөвхөн нэг нь болоод хувирчихсан. Яагаад хүүхдээр морь унуулах гээд байна вэ гэхээр, монгол хүн өөрөө 3-5 насандаа морь унаж сурдаг. Энэ насандаа морь унаад сурчихсан хүүхдүүд айхгүй, морин дээр биеэ авч явах чадвараа бүгдийг нь сурчихдаг юм. Харин сүүлд морь унаж сурсан хүүхдүүд айдастай болчихдог. Морь унуулахаа байгаад ирэхээр хөдөөгийн хүүхдүүд төв, суурин газар руу шавж, мориноос хөндийрөөд ирж байна. Ингээд морь унадаг залуусын тоо цөөрч, хөдөөд мотоцикл л унадаг болчихлоо. Ер нь хөдөө орон нутаг эзгүйрч байна. Манай холбооноос хөдөөг эзэнтэй байлгая, хүүхдээр морь унуулахгүй гэсэн шийдвэрээ төр, засаг эргэн хараач, залуус хөдөөд морио унах боломжийг нээж өгье, монгол адууны уралдаан зохион байгуулъя гэж уриалмаар байна” гэлээ.