Өнгөрсөн хоногт Онцгой байдлын ерөнхий газарт цасанд сууж, мөсөнд цөмөрсөн зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой хоёр осол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “19 дүгээр зөрлөг” гэх газарт суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01:59 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход иргэн “Т”-ийн “Lexus RX450h” загварын суудлын автомашины урд хоёр дугуй мөсөнд цөмөрсөн байсныг ажиллан татан гаргасан байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Баянгийн-Энгэр” гэх газарт гурван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Алба хаагчдыг очиход “Toyota Prius 20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ. Алба хаагчдын мэдээлснээр тухайн гурван иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Энэ жил гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа бөгөөд мөсөнд цөмөрсөн тухай дуудлага бүртгэгдсээр байна. Иймд иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.