Барилгын ажил бүрэн дуусаагүй, зах зээлийн бодит эрэлт нь ч тодорхой болоогүй “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцны урьдчилсан борлуулалтаас 438 тэрбум төгрөг төвлөрүүлж, нийслэлийн 2026 оны төсвийн эх үүсвэр болгохоор тусгажээ. Ирээдүйн орлогод тулгуурлан өнөөдрийн төсвийг бүрдүүлж буй энэ шийдвэр эдийн засгийн эрсдэлийн талаар маргаан дагуулж эхлээд байна.
ВИДЕО:
-НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙГ 640 ТЭРБУМААР НЭМЭГДҮҮЛЖ, ҮҮНИЙ 438 ТЭРБУМЫГ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ӨӨС БҮРДҮҮЛНЭ-
Нийслэл хот 2026 оны төсвийн нийт зарцуулах зарлагын хэмжээг анх 5 их наяд 866 тэрбум 65 сая төгрөг байхаар баталсан. Харин өнгөрсөн хоёрдугаар сард болсон НИТХ-ын төсвийн тодотголын хэлэлцүүлгээр төсвийг 640 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 6 их наяд 504 тэрбум 17 сая төгрөг болгохоор шийдвэрлэжээ. 640 тэрбумын тодотголын хүрээнд “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцны борлуулалтаас 438 тэрбум төгрөгийг дотоод үнэт цаас гаргах замаар 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын нийслэлийн төсөвт нэмэгдүүлэхээр болжээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хэрэгжиж буй “Сэлбэ дэд төв” төсөл Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 158 га талбайд хэрэгжиж байна. Нийт 8575 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжид 3800 айлын орон сууцыг 2026–2027 онд ашиглалтад оруулахаар тооцсон. Барилга угсралтын ажил 2025 оны тавдугаар сарын 29-нд эхэлсэн ч өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалт тал хувьд ч хүрээгүй дүр зурагтай байна.

-НИЙСЛЭЛЭЭС ГАРГАХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-Д ХЭРЭГЖИНЭ-
Хотын дарга Х.Нямбаатар гуравдугаар сарын 2-нд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлээс ипотекийн зээл гаргах шийдвэрт хүрснийг мэдэгдсэн. Эхний ээлжинд “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцанд ипотекийн зээл хэрэгжих бөгөөд эмч, багш нарт 10 хувь, бусад иргэдэд 20 хувийн урьдчилгаатай, 15 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээл олгохоор болжээ. Мөн ипотекийн зээлийг заавал гэр бүлд олгох бөгөөд салсан тохиолдолд ипотекийн гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэх зохицуулалт хийхээр танилцуулсан байна.
-БҮРЭН АШИГЛАЛТАД ОРООГҮЙ, ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ ТОДОРХОЙГҮЙ НӨХЦӨЛД УРЬДЧИЛСАН БОРЛУУЛАЛТАД ТУЛГУУРЛАН ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ-
Барилга угсралтын ажил бүрэн дуусаагүй, ашиглалтад ороогүй нөхцөлд орон сууцны урьдчилсан борлуулалтад тулгуурлан төсвийн орлого бүрдүүлэхээр тооцсон нь олны анхаарлыг татаж байна. Зарим эдийн засагчдын зүгээс зах зээлийн эрэлт тодорхойгүй, борлуулалтын бодит гүйцэтгэл хараахан баталгаажаагүй үед урьдчилсан орлогод түшиглэн төсөв төлөвлөх нь эрсдэл дагуулж болзошгүйг онцолж байгаа юм.
“Сэлбэ дэд төв”-ийн борлуулалтаас төвлөрүүлэхээр тооцсон 438 тэрбум төгрөгийг
- Нийслэлийн гэр хорооллын иргэдийг хийн халаалтад шилжүүлэх ажилд,
- Дүүжин тээврийн төсөлд,
- Сүү хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох,
- COP17 арга хэмжээний байр, зохион байгуулалтын ажилд тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
“Сэлбэ дэд төв” нь хотын төвлөрлийг сааруулах стратегийн ач холбогдолтой төсөл боловч барилгын ажил бүрэн дуусаагүй, зах зээлийн бодит эрэлт тодорхойгүй нөхцөлд урьдчилсан борлуулалтад тулгуурлан 438 тэрбум төгрөгийг төсөвт тусгах нь санхүүгийн хувьд зоримог алхам болж байна.


