БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн нэг "Spring Airlines" компани Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгээ өнөөдөр эхлүүлсэн байна.
Тус нислэгийн тийзийг "Spring Airlines" компанийн албан ёсны аппликейшн болон WeChat Mini Program-аар дамжуулан худалдан авах боломжтой. Нэг талын тийзийн үнэ татвар багтсан дүнгээр 132.9 ам.доллараас эхлэхээр тогтоосон байна. Уг үнийн бодлого нь Монголын зорчигчдод БНХАУ-ыг чиглэн илүү хүртээмжтэй, хэмнэлттэй нөхцөлөөр зорчих боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Энэхүү шинэ чиглэл нь Монгол, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна. Тус компани өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэх ба хоёр орны зорчигчдод хямд өртгөөр, шууд нисэх боломжийг санал болгож байгаа аж.