Яармаг, Арцат– Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганын угсралтын ажил дууссан байна.
Тус төсөл нь нийт 4.2 км урт шугамтай, 6.5-42 метрийн өндөртэй тулгуур баганууд байх бөгөөд ийнхүү үндсэн суурь бүтцийг амжилттай суурилуулсан байна. Тулгуур баганын угсралтын ажлыг 2025 оны гуравдугаар сарын 01-нд эхлүүлж байсан бол ийнхүү нэг жилийн дараа буюу 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр тулгуурыг бүрэн дуусгаж байна. Ингэснээр төслийн барилга угсралтын нийт гүйцэтгэл 61.7 хувьд хүрчээ. Төслийг Франц улсын дэлхийд тэргүүлэгч дүүжин замын систем үйлдвэрлэгч Poma Group-тэй хамтран дотоодын “Моннис Инженеринг” групп гүйцэтгэж байна.
Талбайн ахлах инженер Д.Батчулуун “Тулгуур баганыг суурилуулах явцад аюулгүй ажиллагаа, барилгын норм стандартын мөрдөлт нэн тэргүүний шаардлага байдаг. Өнөөдөр цаг агаар цасан шуургатай байсан ч, салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнд байснаар угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу, тасралтгүй гүйцэтгэж чадлаа” хэмээн онцлов.
Тулгуур баганууд бүрэн угсрагдсанаар төслийн дараагийн чухал үе шат болох тросс татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмж суурилуулах ажил эхлэх нөхцөл бүрдэж байна. Тус чиглэлд ашиглагдах нийт 112 тонн жинтэй ган татлагыг угсарсан 19 тулгуур баганын дээгүүр агаарт сүвлэн татаж суурилуулах бөгөөд энэхүү ажиллагааг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Яармаг, Арцат – Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгальд ээлтэй нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх ач холбогдолтой төсөл юм. Тулгуур баганын угсралтыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгасан нь төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу урагшлах нэг алхам болж байна.