МҮОХ-ны тэргүүнд Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшиж, улиран сонгогдох нөхцөл бүрдлээ

МҮОХ-ны тэргүүнд Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшиж, улиран сонгогдох нөхцөл бүрдлээ

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган энэ сарын 12-ны пүрэв гарагт болох гэж байна. Чуулгантай холбогдуулан тус хорооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авч дууссанаа албан ёсоор мэдэгдлээ.

МҮОХ-ны тэргүүний албан тушаалд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшин, улиран сонгогдохоор өрсөлдөж байна. Харин дэд ерөнхийлөгчийн албан тушаалд зургаан хүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний суудалд 19 нэр дэвшигч өрсөлдөхөөр хүсэлтээ өгчээ.

Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар багтсан байна. Тэрбээр 2022 онд чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ч удалгүй тэргүүний албыг хаших болсон бөгөөд 2024 онд улиран сонгогдсон юм. Мөн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд УИХ-ын гишүүд болох Соёлын сайд асан Ч.Номин, А.Ганбаатар болон УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Монголбанкны Төлбөр тооцооны газрын дарга М.Анар нар нэр дэвшиж байна. Чуулганы үеэр Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгон батлах юм.