АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2026.03.02/ хэвлэлийн хурал хийж, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Энэ талаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат “Монгол Улсын ард түмэн 34 жилийн турш уг хуулийг хүлээсэн байдаг. Энэ хуулийг өнгөрсөн хугацаанд батлуулахын тулд удаа дараа оролдлого хийж байсан. Тэр ч бүү хэл 1992 оны үндсэн хууль, 2019 оны үндсэн хүүлийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудал тусгагдаж ирсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой хуулийн зохицуулалтгүй байна. Өнөөдөр Улсын Их Хуралд гэм бууруутай болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон хүн хариуцлага, ёс зүй яриад сууж байна. Хэрэв уг хууль батлагдвал нийгэмд нэлээдгүй эерэг үр дүн авч ирнэ гэж бид бүхэн үзэж байгаа” гэв.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Баасан “Дээрээ хариуцлагатай бол, доороо хариуцлага ярьж болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.2-т Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөдөг. Тэр тангарагийг зүгээр өргөдөг юм биш. Төрийн сүлдэд, нийт иргэд улс орны эрх ашгийг эрхэмлэнэ гэж өргөдөг. Одоо нийт иргэд яаж амьдарч байгаа вэ, манай улс ямар байна вэ? гэдэг нь өнөөдрийг хүртэл явж  ирсэн төрийн түшээдийн гаргасан алдаатай салшгүй холбоотой. Тэгэхээр эд нарыг эргүүлэн татдаг болъё, хариуцлага тооцъё гэж байгаа юм. Дан ганц эргүүлэн татаад орхих биш гаргасан алдаанд нь хариуцлага тооцдог болох хуулийн санаачлага гарч байгаа учир бид бүхэн дэмжиж байгаа” гэлээ.  

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон “УИХ-ын гишүүн болчихвол бүрэн эрх, халдашгүй байдал гэсэн нэрийн дор өмнө нь хийж байсан хулгай луйвар бүх зүйлээ нууж болдог. Үүнийгээ өөрсдөө хуулиараа батлаад өгчихсөн. УИХ-ын гишүүн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд зөвхөн нотлох баримттайгаар баригдвал л бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Их Хуралд оруулж ирнэ гэж заасан. Иргэд бол тэгдэггүй. Өөрөөр хэлбэл хуулийн хамгаалалт доор хулгай хийх боломжийг өөрсдөдөө хуулиараа бүрдүүлээд өгчихсөн. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал энэ бүхнийг өөгшүүлэхгүй байх боломж бололцоо бүрдэнэ” гэв.

Б.Ану