Дорнод аймгийн Халхгол суманд олон хоногийн турш үргэлжилсэн цас, цасан шуурганы улмаас нөхцөл байдал хүндэрсэн билээ. Цас зудын нөхцөл байдлаас шалтгаалан зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан.
Улмаар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр тусгай салбарын алба хаагчид айл өрхүүдэд дэмжлэг үзүүлж, хашаа, бэлчээрт зам гаргах, цас цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Цогтсүмбэр багт газар дээр нь ажиллаж, шаардлагатай шуурхай арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Дорнод аймгийн гурван багийн 12 чиглэлд нийт 14 автомашин, 71 хүн ажиллаж байна. Малчдын хашаа, хороог янзлуулахаар 90 айл хүсэлт ирүүлснээс 75 айлын хашааг янзалж дууссан бөгөөд 12 айлын хашааны цасыг цэвэрлээгүй үлдээд байна. Мөн цасанд уруудсан 43,199 толгой малаас 18,391 нь олдож, 24,808 нь одоогоор олдоогүй байна. Нийт малын хорогдол 256 толгой байна. ЕБС болон СӨБ-ын сургалтын үйл ажиллагаа цахимаар хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шаардлагатай өвс, тэжээлийг тараагаад байгаа аж.