"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл өчигдрөөс эхэллээ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл өчигдрөөс эхэллээ

2026 оны “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчийн бүртгэл өчигдөр /2026.03.01/ эхэллээ. Бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжлэх юм.

Бүртгэлийг төрийн мэдээллийн нэгдсэн систем E-Mongolia-иар дамжуулан зохион байгуулж байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрт өмнө нь зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яам-наас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;

  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;

  • Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх.