Ойрхи Дорнодод үүссэн үймээнтэй холбоотойгоор МИАТ компаниас мэдэгдэл гаргалаа

Ойрхи Дорнодод үүссэн үймээнтэй холбоотойгоор МИАТ компаниас мэдэгдэл гаргалаа

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанитай “Агаарын хөлгийн холимог түрээсийн гэрээ” байгуулан өөрийн эзэмшлийн Боинг 787-9 агаарын хөлгийг нисэх бүрэлдэхүүний хамт тус улсад ажиллуулж байгаа билээ.

Өчигдөр буюу 2026.02.28-ны өдрийн 15:00 цаг /УБ-ын цагаар/-ийн орчимд эхэлсэн Иран Улс болон Персийн буланд өрнөж буй АНУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанид түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа нисэх бүрэлдэхүүний болон агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор “МИАТ” ТӨХК дээр шуурхай штаб байгуулж 24 цагаар ажиллуулж байна. Ингэснээр өчигдөр /2026.02.28/ Улаанбаатарын цагаар 18:15 цагт Бахрейны Хаант Улсын Манама хотод байгаа 14 ажилтнаа аюулгүйн бүс /safety zone/-д нүүлгэн шилжүүлэх ажлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам болон “Gulf Air” компанитай хамтран зохион байгууллаа.

Мөн Филиппин Улсын Манила хотоос Бахрейн Улс руу нислэг үйлдэхээр ажиллаж байсан манай компанийн агаарын хөлөг болон нисэх багийн 14 ажилтан байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тэдний амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тухайн нислэгийг цуцалсан болно.

Харин “МИАТ” ТӨХК-ийн бусад чиглэлийн нислэг үйлдвэрлэлийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд дээр дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор Бахрейн Улсад томилогдон ажиллаж буй ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой, шуурхай ажиллаж байна.

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ
“МИАТ” ТӨХК




Өнөөдөр нохой өдөр

12 цагийн өмнө