Сүүлийн үед цахим орчинд ёс зүйгүй авирласан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нарт зохих ёсны арга хэмжээ авахыг иргэн О.Энхмаа шаардаж мэдээлэл өглөө. Тэрээр УИХ-ын дарга Н.Учрал, ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн, ёс зүйн хорооны дарга Б.Батбаатар нарт шаардлага хүргүүлсэн юм.
Уг шаардлагын товч агуулгад "Төрийн өндөр алба хашиж буй атлаа зүй бус үг хэллэг хэрэглэж иргэдийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөн нийтлэг эрх ашгийг орхигдуулж, хувийн арилжааг эрээ цээргүй цахим хуудсаар явуулах, гэр бүлийн тааламжгүй харилцааг нийтэд дэлгэх, олон нийтийг цочирдуулахуйц хэт бүдүүлэг үг хэллэгээр иргэдийг доромжлох, бусдыг санхүүгийн чадамжгүй мэтээр дорд үзэж буй мэтээр аяглах нь нийт ард иргэдээ гутаан доромжилж байгаа үйлдэл юм.
Түүнчлэн өөрийгөө болон бусад гишүүдийг авлига хээл хахуулийн асуудалтай байж болзошгүй гэх хардлагыг нэмэгдүүлж, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Тэдний энэ ёс зүйгүй үйлдэл нь хүүхэд залууст сөргөөр нөлөөлөх, УИХ-ын гишүүний тангараг, төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг зөрчиж байгаа хэрэг. Энэ дагуу Б.Хэрлэн нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг олон нийтээс уучлалт гуйхыг үүрэгдэж, зөвлөмж маягаар хүргүүлсэн ч тэр бусдаас "уучлалт гуйхгүй" хэмээн өөрийн цахим хуудсандаа бардамнаж байгаа нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нь цахим хуудсаар бусдыг илтэд гутаан доромжилсон үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой" гэв.