“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 онд 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
2026 онд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 350 тэрбум төгрөг, “Атар-4” аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам мэдээллээ. Энэ онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд арилжааны есөн банктай гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн онд “Цагаан алт” хөдөлгөөнөөр ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихэд давхардсан тоогоор 182 аж ахуйн нэгжид 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон аж. Үүний үр дүнд түүхий ноолуурын 70 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самнасан ноолуурын экспорт 330.6 сая ам.доллар болж нэмэгджээ.
Мөн ээрэх, сүлжих хүчин чадал ч нэмэгдсэн байна. Харин “Атар-4” аяны хүрээнд нийт 616.4 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 982 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Ингэснээр тариалангийн талбайн хэмжээг 71.2 мянган га-гаар, хүлэмжийн талбайг 34.5 га-гаар, зоорь болон үтрэмийн багтаамжийг 50-67 мянган тонноор нэмэгдүүлснийг салбарын яам мэдээллээ. Аяны хүрээнд тариалангийн талбайг 200 мянган га-аар нэмэгдүүлэхээр зорьж буй. Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, ялангуяа хөрөнгө оруулалтын зээлийг илүү урт хугацаанд олгох саналыг үйлдвэрлэгчид тодотгож байна. Мөн дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжихээс гадна ижил төрлийн импортын бараа, бүтээгдэхүүний гаалийн татварыг хөнгөлөхгүй байхад анхаарах шаардлагатайг онцолж байсан юм.
Эх сурвалж: bloombergtv.mn