Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Рэвида Пупо өчигдөр /2026.02.24/ хэвлэлийн бага хурал хийж, Куба болон Латин Америк тивд өрнөж буй улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн билээ.
Тэрээр “2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэльд болсон үйл явдлаас эхлээд Куба болон Латин Америкийн орнуудад хэд хэдэн онцгой чухал үйл явдал боллоо. Ази тивд амьдарч байгаа бидэнд Венесуэлийн үйл явдал хол юм шиг санагдаж болох ч тоолгүй орхиж болохгүй. Учир нь энэ бол тив харгалзахгүйгээр нийт хүн төрөлхтөнд учирч болох гамшиг юм. Венесуэлийн эсрэг хийсэн АНУ-ын энэхүү түрэмгийлэл бол олон улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйл явдал. АНУ-ын тусгай албад Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог баривчлаагүй, харин барьцаалсан. Куба улсын хувьд АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж, дэлхийн аль ч үндэстэн хооронд заналхийлж болохгүй гэсэн байр суурин дээр тууштай зогсож байгаа” гэлээ.
Түүнчлэн өөрийн улсын нөхцөл байдлын тухайд “Куба улсад АНУ-аас сүүлийн хоёр сарын хугацаанд онцгой хоригууд явуулж байгаа. Ер нь манай улс ер нь нэгэн жарны турш эдийн засгийн хоригт байгаа. Энэ нь зөвхөн эдийн засгаас гадна, хэвлэл мэдээллийн хориг байдаг” гэсэн юм.