Монголын мөсөн сурын холбоо 100 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулна

Монголын мөсөн сурын холбоо 100 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулна

Монголын мөсөн сурын холбооноос 2026 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд 100 сая төгрөгийн шагналын сантай Магнай болон Дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байгааг мэдээллээ.

Энэ талаар Монголын мөсөн сурын холбооны ерөнхийлөгч н.Гомбодорж “Манай холбоо байгуулагдаад 18 жил болж байна. Энэ хугацаанд Монголын мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг тасралтгүй 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Мөн олон улсын чанартай гурван тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Уг лигийн тэмцээний гол зорилго нь мөсөн сурын спортыг дэлхийд таниулах бөгөөд цаашлаад олимпын төрөлд оруулахад оршино” гэлээ.

Тэмцээнд 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг 20 баг өрсөлдөнө. Үүнээс нэг, хоёрдугаар байрыг эзэлсэн 10 баг нь Магнай буюу 1-р тойрог, 3-6 дугаар байрыг эзэлсэн 10 баг нь Дээд буюу 2-р тойрогт өрсөлдөнө. Мөсөн сурын цугаа харваанд тамирчид 45 метрийн зайнаас 10 чихэнд 20 сум тавьж өрсөлддөг бол, багийн харваанд хоёр баг нийлж 30 чихээр харвадаг. Түрүүлж 16 оноо авсан баг ялах юм.