Завхан аймгийн нутаг дэвсгэрээр урсах Богдын голын усны түвшин эрс багассаны улмаас загас олноор хорогдох эрсдэл үүсээд байсан тул хоёр зүйлийн загасыг нүүлгэн шилжүүлсэн гэж Завхан аймгийн БОГ-аас мэдээллээ.
Тодруулбал, голын ус татарч, зарим хэсэгтээ хөлдөөгүй үлдсэн бага хэмжээний усанд загас олноор бөөгнөрснөөс хүчилтөрөгчийн дутагдалд орж, улмаар хөлдөж хорогдож байгааг нутгийн иргэд мэдээлжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Богдын голоос Чигэстэй голын Харзанд загасыг нүүлгэн шилжүүлэх яаралтай арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 30 гаруй иргэн оролцож, ховордож буй Завханы ирээлж, Монгол хадран зэрэг хоёр зүйлийн загасыг аюулгүй бүсэд шилжүүлэн хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаа аж.