Сар шинийн өдрүүдэд нийслэлийн иргэдийг ая тухтай, түгжрэл багатай шинэлүүлэх зорилготой “Хашаагаа нээе” санаачилга бодит үр дүнгээ өгч, төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаа, талбайгаа нээжээ.
Энэхүү ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд авто замын ачааллыг бууруулах, иргэдийг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн юм.
Санаачилгын хүрээнд байгууллагууд автомашины зогсоол болон дотоод талбайгаа иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулж, төвийн бүсийн ачаалалтай хэсгүүдэд зорчих урсгалыг жигд хуваарилахад бодит дэмжлэг үзүүлсэн аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр, аж ахуйн нэгжүүдийн идэвхтэй оролцоо нь зөвхөн баярын өдрүүдэд төдийгүй цаашид хотын түгжрэлийг бууруулах олон нийтийн оролцооны соёлыг төлөвшүүлэхэд чухал алхам болж байгааг онцоллоо.
“Хашаагаа нээе” санаачилгад нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр дэх төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж нэгдэн зогсоолоо чөлөөлж, хашаагаа нээсэн нь иргэдийн талархлыг хүлээлээ.